Thursday, December 25, 2008

Тарчлаан


...Нэгэн сургуулийн санхүүгийн өрөөнд болсон яриа.
- Төлбөр төлөх гэсэн юм, хэнд өгөх вэ?
- Зав алга байна аа, дараа ир.
- Төлбөрөө төлөхгүй бол хичээлд нь суулгахгүй гээд хөөгөөд байх юм...
- Тэр надад ямар хамаатай юм бэ?
- ???...

...Нэгэн компанийн захирлын туслахтай ярьсан яриа.
- Уг нь захирал чинь өөрөө над уруу утасдаад, өнөөдөр 14.00-д энд уулзъя гэж цаг тохирсон юм.
- Захирал алга аа!
- Хэзээ ирэх бол?
- Би яаж мэддэг юм бэ?
- Та тэгвэл утасдаад мэдээд өгөөч.
- Чадахгүй ээ, цаанаа суугаад хүлээж бай, эсвэл дараа ир...

... Нэгэн компанийн санхүүгийн өрөөнд болсон яриа.
- Тооцоогоо нийлэх гэсэн чинь танай манай хоёрын хоорондын тооцоо зөрчихөж. Тэгээд би хайж байгаад танай ... салбар дээр чинь ...-р падааныг буруу дүнгээр оруулчихсаныг оллоо. Та үүн дээр ямар нэг арга хэмжээ аваад, надтай тооцоогоо нийлээч.
- За чи нэгэнт хаана зөрүү гарсныг мэдсэн юм бол наадхаа бариад манай ... салбар дээр очоод, хүмүүсээс нь гуйж байгаад алдааг нь засуулчихаад буцаад ир.
- Үгүй ээ, энэ чинь уг нь танай алдаа шүү дээ...
- Тэгээд? Чадахгүй бол болих л үгүй юу, чамтай тооцоо нийдэх албатай юу?

... Нэгэн дэлгүүрийн няравтай хийсэн яриа.
- Өнөөдөр танай барааг хүлээж авахгүй ээ.
- Яагаад?
- Яах юу байдаг юм бэ? Авахгүй л гэсэн бол авахгүй шдээ.
- Авахгүй байсан юм бол өчигдөр яах гэж захиалга өгсөн юм бэ? Энэ машины тэвш дүүрэн барааг чинь захиалга аваад, авсан захиалгыг нь бэлдээд, ачаад, ийш нь авч ирэх гэж зөндөө хүн ажиллаж цагаа зарцуулж байгаа шүү дээ.
- Тэгээд?...

...Нэгэн дүүргийн иргэний бүртгэл мэдээллийн тасагт болсон яриа.
- Лавлагаа авах гэсэн юм.
- Өнөөдөр иргэдэд үйлчлэхгүй ээ. (компьютер дээрээ solitaire тоглох хөдөөний байрын хүүхэн)
- Ганц лавлагаа бичээд өгчих л дөө, та завтай байна шүү дээ.
- Миний завтай завгүй чамд ямар хамаатай юм бэ? Өнөөдөр хүлээж авахгүй, дотоод ажилтай, гар цаашаа!

Танил тохиолдолууд байна уу? Яг ийм биш гэхэд иймэрхүү зүйлтэй нүүр тулсан л биз дээ? Яагаад бид ийм нийгэмд амьдраад, үүнийг нь тэсээд, болоод байгаа юм бэ?

Saturday, September 6, 2008

Алтан Гадас одонт Монголын Ардчилсан Хувьсгалт Нам буюу Touching lives, disimproving life

Амьдрал гэдэг юутай баян, юутай шоглоомтойг нүдээр үзээд суух үе бас ирдэг л юм байна. Яг юу болоод, яг яагаад байгааг сүүлдээ ойлгохоо ч байчихлаа. Боож үхэхдээ хүрвэл төрийн төлөө биш, ирээдүйн төлөө боогоод үхчихмээр санагдах л юм... Биднийг тэнгэр ивээг ээ! Гэхдээ дахин ивээх болов уу?

Tuesday, August 19, 2008

Vхэж vл болно - Чингис Хаан

.

...Наран зүүн зүгт хаанаас ургаж,
Баруун зүгт хаана жаргадагийг
Анд минь чи үзсүгэй...
.
.
Кино зохиолыг: [С. Жаргалсайхан]
Найруулагч: Р. Эрдэнэбулган
.
.
.
.
Кинонд ямар хүмүүс тоглосоныг би дурьдах нь илүүц хэрэг хэмээн бодоод алгаслаа. Юутай ч бүгд таньдаг хүмүүс байна лээ.
.
Дээхнэ би нэгэн киноны тухай бичиж байхдаа киног мэргэжлийн түвшинд шүүмжлэх хүн биш хэмээн өөрийгөө дүгнэсэн минь одоо ч хэвээрээ тул нээх сүрхий шүүмжлээд яахав. Зүгээр таалагдсан агаад таалагдаагүй зүйлсээ та бүхэнтэй хуваалцсу.
.
Хамгийн түрүүнд энэхүү кинонд ашигласан техник хэрэгсэл маш сайн байжээ гэсэн сэтгэгдэл төрсөн. Харин энэхүү техник хэрэгслүүдийг ажиллуулсан хүмүүс төдийлөн сайн байгаагүй юм шиг санагдлаа. Ялангуяа анимаци тал дээр үнэхээр сул байсан нь сүүлийн үеийн Голливүүдийн кино их үзсэн маний нүдэнд өртсөн байх ч талтай. Эгээ л урьд өмнөх шигээ камерын урдуур хүн гүйгээд өнгөрмөгц цаана нь нуруундаа сум зоолгосон хүн унаж байх жишээний. Гэтэл сүүлийн үед киноноос энэ мэт шальдар булдархан байлдаан үзэхээ байсан улс шүү дээ бид чинь. Зүй нь нэгэнт л түүхэн кино хийхээр зорьсон тул зөвхөн энэ ажил дээр нь ядаж Солонгосоос мэргэжилтнүүд уриад хийлгэсэн бол арай өөр харагдах байсан ч байж мэднэ.
.
Киноны эхний хэсэгт Тэмүүжин болон Жамуха нарын залуу идэр насыг харуулдаг. Чингэхэд нөгөө Цэрэндагва гуай, Төмөрбаатар гуай нарын нүүрийг яасан ядуухан хувиргаа вэ гэж бодсон. Хүүхэн хүнийх шиг зассан хөмсөг, урдуур нь тавьсан чёлка зэрэг нь үнэхээр жул харагдсан шүү. Харин дүрүүдийн хувцас хунар, бусад хэрэгсэл нь хаа очиж үнэхээр муулах юмгүй болсон байсныг хэлсү.
.
Жүжигчид маань эхэн үедээ дүрээрээ бус жүжигчинээрээ буугаад байсныг бас дурдууштай. Дэмидбаатарыг харахаар Нялх Сэнгүм бус хашир өөрөө харагдаад, танхим ч инээлдээд байсан. Сувд гуай Өэлүн эхийн дүрийг их нялуундуу амилуулсан нь сонин агаад нэг л дасаж өгөхгүй байлаа. Жүжигчин Одончимэг Бөртэ хатны дүрийг маш сайн амилуулжээ. Харийн эрд булаагдаад, буцаж эрдээ очиж байгаа бүсгүй хүний дүрийг гайхалтай үзүүлж чадсан. Аа харин Цэрэндагва гуайг үнэхээр биширсэн. Жамуха гэдэг хүнийг үнэндээ л өөрөөр харуулна лээ. Монголын төлөө цохилох зүрхтэй, талын эрэмгий баатар эр. "Би Тэмүүжиний анд мэт дайсан нь, дайсан мэт анд нь" гэсэн үгэнд энэхүү киноны философи тэр чигээрээ багтах ажгуу. Төмөрбаатар гуай өөрөө хэлэхдээ, би энэ кинонд Чингис хаанаа бус, Тэмүүжинг харуулахыг зорьсон гэсэн нь үнэн байлаа. Үнэхээр, алдах үедээ алдаж, онох үедээ онодог, уурладаг, уйлдаг, баярладаг, гуньдаг жирийн Монгол эр хүн мэт Тэмүүжиний дүр их дотно санагдсаан.
.
Бүхэлдээ энэхүү кино нь Их Монгол Улс байгуулагдахаас өмнөх үеийн Монгол овог аймгуудын нэгдэх гэсэн тэмцлийг харуулсан агаад Тэмүүжин, Жамуха хэмээх хоорондоо гурвантаа андын тангараг тавилцсан талын баатар эрчүүдийн нөхөрлөл, тэмцлийг харуулсан кино болсон байсан. Их зорилгын төлөө нэгэн зэрэг үхэж болоогүй хоёр анд, их үйлсийг бүтээхэд нэгэн зэрэг амьд байж болохгүйг ухаарсан баатрууд...
.
Киноны саундтрак ярих юмгүй сайн. Үнэхээр дүрстэйгээ нягт наалдах эгшиг төгс аялгуу байлаа. Гэхдээ Жанцанноров гуай яах байсан бол гэсэн бодол төрснийг нуух юун.
.
Би С. Жаргалсайхан гуайн Чингис Хааны Нууц Түүх хэмээх романыг саявтархан амтархан уншиж дуусгасан агаад энэ кино тэрхүү зохиолыг ерөнхийдөө барьж хийгдсэн нь асар таалагдсан. Гэсэн хэдий ч зохиол дээр гардаг зарим онц сонирхолтой өрнөл, таамагналуудыг харуулаагүй нь тоогүй. Бусдаар бол дажгүй ээ. Гэхдээ би л лав түүхэн гэхээсээ илүү commercial уран бүтээл гэмээр байна.
.
Та нөхөд өөрсдөө үзээд, өөр өөрсдийн мэргэн оюундаа тунгаана биз ээ. Enjoy watching, my fellow friends.

Monday, August 18, 2008

"Мойлхон"


.
.
.
...Хатан зүрх хагацаж
Халуун цус урсана...
.
.
.
Кино зохиолыг Б. Баярмагнай
Найруулагч МУГЖ А. Энхтайван
Дүрүүдэд: Г. Золбоот, Б. Баярмаа, Г. Алтаншагай, Д. Наранхүү
.
.
Би миний өвөг эцэг, эмэг эх нар маань чухам ямархан юман дундаас амьд гараад, өвөөг минь, эцгийг минь, тэгээд намайг хүн болгон төрүүлээ вэ гэдгийг мэдэх гэсэн учир энэ киног зорин байж үзсэн билээ.
.
Би энэ киноны тухай ярих гэсэнгүй, зүгээр л үзэхдээ төрсөн сэтгэгдэлээ та бүхэнтэй хуваалцъя хэмээлээ. Юуны өмнө энэ киног үзэхэд сэтгэлд нэг их харуусал амтагдаад байсныг хэлмээр байна. Хайран хүмүүс, хайран амьдрал... хайран цаг хугацаа...
.
Монгол угсаатай олон аймгуудын нэг Буриад зон үнэндээ геноцид буюу удам угсаагаар нь аймагчлан устгах хэмээх хамгийн аймшигт үзэгдлийн дундуур хагацал, зовлон гээчийн яс махаараа, сэтгэл зүрхээрээ мэдэрч амьдарсан хүмүүс ажгуу. Эмээ маань 1937 онд жаахан хүүхэд байсан агаад тухайн үед хонь гаргачих хүн олдохоо байчихсан байсан гэдэгсэн. Эр хүйстэй болгоныг, арав гаруй наснаас дээш л бол барьж аваачаад бууд гэдэг байж. Ямар ч өчиггүй, юу ч асуулгүй, ердөө л буриад болохоор нь, хамаг эд хөрөнгийг нь хураасан зөвлөлт засгаас зугтаж, төрөлх Байгаль далайн хөвөөнөөсөө амьдрал хайн Монголын нутагт орж ирснийх нь төлөө шүү дээ. Хүний амь гэдэг юутай үнэгүй, юутай хэврэг вэ?
.
Сүх хангинуулан, модоор морин тэрэг, бярвааз завь, торхон байшин урлан, трубкандаа тамхи нэрэн шившээд хөлсөө арчин суусан буриад эрчүүд яагаад буруутгагдаа вэ? Уур савссан ёпоошигоо барин, тос бялхсан зөөхийгөө мойлтой хутгаж суусан буриад бүсгүйчүүд юуны төлөө амьдын хагацал үзээ вэ? Ээжийн охид, аавын хөвүүд яагаад өнчрөө вэ? Хэн хариуг нь мэдэх вэ? Хэнээс амийг нь нэхэх ёстой юм бэ? Хэн?

Monday, June 30, 2008

Загас мэт дуугvй байцгаа!!!

Яг өнөөдрөөс эхлээд чи, би, бид цөм 2000 – 2004 оны хооронд амьдарсан шигээ мал мэт таг дуугүй, бие биесээ хардаж, сэрдэж амьдрах нь ээ. Юун нөгөө Оюу Толгой, Таван Толгой. Одоо чам руу, над руу салаавч үзүүлээд, битгий горьд, энэ чинь төрийн юм гэж хэлнэ гээд бод доо. Ядаж Улаан-Үд, эсвэл Эрээнд ч болохнээ очиж амьдармаар санагдаж байна... Эмгэнэл илэрхийлье найзууд аа!

Tuesday, June 24, 2008

Эсрэгээр нь

Анд найз минь чи сохорын газар нүдтэй нь, доголонгийн газар хөлтэй нь болж явахыг хичээгээрэй...

Wednesday, June 18, 2008

Ёооо...

Сонгууль хурдан дуусаасай... Зүгээр амьдрахсан...

Sunday, April 6, 2008

A precious life in Jungle

Жунгли буюу шугуй. Бүх юм энгийн агаад оригоороо. Амьдрал өөрийнөөрөө өрнөж, буцалж, асаж, унтарж байдаг газар. Амьтай голтой бүхэн өөринхөөрөө амиа зогоохыг хичээцгээнэ. Гэхдээ энд нэг л хууль үйлчилнэ. Үхсэний хохь амьдын зол буюу хүчтэй нь амьдарна гэдэг хууль. Өөр ямарваа нэгэн хууль дүрмийг байгаль эх энд тавиагүй ажгуу.

Саяхан нэг нөхрийн блог дээрээс /Игагийх шиг санаж байна/ хүмүүс бид оюун ухаан, ухамсрын хувьд балар эрт, дөнгөж үүсэж байсан үеэсээ нэг их сайжирж шалиагүй гэсэн цитат уншиж байсан санаанд орж байна. Үнэндээ сүүлийн үед өөрийн эрхгүй би чинь хаана амьдраад байна аа гэж бодогдоод байх боллоо. Эргэн тойрноо элдэв засал чимэглэл, аксесуаруудаас нь ургуулан бодохын хүчээр салгаад буюу шалдлаад харваас бид шугуйд амьдраад байсан юм байна шүү дээ, найзуудаа. Үнэндээ баахан хууль дүрэмтэй юм шиг атлаа, мөрддөг нь нэгээхэн бээр ч үгүй. Дургүй хүргэснийгээ зодох энүүхэнд, тэр байтугай алж, алуулах амархаан болчихоод байна. Шугуй биш гэх үү? Нар орoв уу үгүй юу л хаа сайгүй хашгираан, орилоон. Ална аа, хядна аа, аллаа, хядлаа гэж орилоцгоогоод л. Шугуйд шөнө сармагчингууд орилдогоос ялгаа бараг л байхгүй. Хаанаас нь ч харсан соёлтой гэхээр хоёр залуу бие биендээ зам таьж өгөөгүйгээс болоод гэгээн цагаан өдөр зам дээр муудалцаад, нэг нь нөгөөгөө гааздаад унагаачихаж байна. Шугуй биш гэх үү? Хоёр хөөрхөн хос хөтлөлцөөд хотын гудмаар ирээдүйгээ ярилцан алхаж байхад нь хажууд нь бүдүүн машинтай бүдүүн ах нар ирж зогсоод охиныг шууд хоргоогоод эхлэх жишээтэй. Хажууд нь яваа хүү хэн ч биш аятай л. Дахиад л шугуй биш гэх гэж байна уу? Автобусны арын суудал дээр шууд архи задлаад тойруулаад эхлэх жишээтэй. Тэгснээ ууж байхад тамхи татaхгүй бол болохгүй гээд тамхи баагиулаад эхэлнэ. Кондуктор шаардлага тавих гэхээр эгч сээтэн хаяад байгаа юм уу? Нэг татвал тат л даа гэж мангуураад л. Уусан жаахан нь орой уруу нь гараад ирэхийн үед автобусанд яваа бүх зорчигчидод агсамнаж эхэлнэ. Яадгийм, намайг энд таних хүн байхгүй юм чинь гэж шүлсээ үсчүүлээд л. Иймэрхүү жишээ дурдаад байвал наян долоогоороо олдоно.

За тэгээд цаашилбал гудманд, аль нэг олны хөлийн газар эсрэг хүйснийхээ хүн уруу тас ширтэнэ. Эсвэл хүний биед зөвшөөрөлгүй халдлага хийгээд эхэлнэ. Эрчүүд нь аль болох энд тэнд нь гар хүргэчих санаатай, хүүхнүүд нь болохоор хамаг биеэрээ наалдаж ирээд л. Цаад хүнээ эвгүй байдалд оруулаад байгаагаа ч ойлгохгүй. Үүнийг чинь эвтэйхнээр бол бэлгийн дарамт үзүүлэх гэдэг болчихсон юм билээ л.

Иймэрхүү үзэгдэлүүдийг шугуйгаас жинхэнэ утгаар нь харж болдог юм гэнэ лээ. Зурагтаа асаагаад National Geographic дээр тавихад л манай нийгмийг дүрүүдэд нь өөр амьтад тоглуулаад үзүүлж байгаа. . .

Saturday, February 9, 2008

Есeн жор

Эвий, миний муу блог. Тоосонд дарагдчихсан эрээн авдар мэт, хэзээ нэг гар хүрч тоосыг минь гөвөх бол гэсэн шиг байж л байх юм. Янз нь энэ хавиар амьтан хүн ойрд үзэгдээгүй бололтой дог оо.

За тэгэхээр, хэтэрхий баян амьдрал дундаас миний амьдрал ч бас баялаг гэгч нь аргагүй өрнөж байна. Сонин юм ихтэй атлаа тэр гэчихээр зүйл хомс юм уу даа. Монголдоо ирснээс хойш энүүгээр шагайгаагүй байж яахаараа сонингүй байх гэж гэж үү? Яахав дээ, нэгэн хэмийн амьдрал дунд би өөрөө өөртөө ч сонирхол төрүүлэхээ боличих юм. Өглөө сэрээд машинаа унаад гарна. Өдөржин явсаар орой аль уже сунаад уначихсан баагий орж ирнэ. Та нар намайг халтуур хийгээд байна гэж эндүүрэв ээ. Ерөнхийдөө төстэй л дээ. Гэхдээ шаал ондоо ажил хийж байгаан.

Монголчууд маань нэг "шинэ" юм үзэх юм уу, сонсчихоороо хэсэгтээ л тэрэнтэйгээ хамт элийрдэг нь хэвээрээ гэдэг нь оны өмнөхөн бөмбөгдсөн Соёмбо сархадын рекламнаас хойш дахин батлагдах шив. Хэн хүнгүй л "Намайг Амараа гэдэггүй..." гэж ирээд л. Нэг гар бүүр "Би 100-ийн найрка уудаггүйн. Ядаж 1000 архи аваад уучихдаг. Шилээр нь биш, 50-н аяганд уучдийн. Намайг Гомбоо гэдэг..." гэчихсэн зогсож байсандаг.

Энэ Монгол улсын дээр нэг сонин уур амьсгал байнга байгаад байна гэсэн дүгнэлт хийсэн. Тэр нь юу вэ хэмээвээс улс төржих синдром. Хүмүүсийг ажаад байхнээ манайхан бүгд онолчид болчихжээ. Бүгд улс төржөөд, асуудал ярьсан хүмүүс л байх юм. Зүй нь бол иймэрхүү улс орон хөгжөөд, дэлхийд жишиг улс болсон баймаарсан. Гарц, шийдэл ярьсан хүн, хүний байтугай нохойн хуруу дарснаас цөөхөн. Ядаж байхад энэ жил нь нөгөө айхтар сонгуультай жил нь гэж байгаа. Хэдэн хүн инфаркт болох бол доо хөөрхий.

Дээр хэлсэнчлэн миний ажил болбоос өдөржин машин унаж гадуур явах гэдгийг ойлгосон байх. Яг ч тэгээд л болчихдог юм бас биш л дээ. Машин унаад гадуур өдөржин явахыг гоё гэх хүн бий л байх. Гэхдээ, Монголд бол гоё гэхээсээ илүү "Халтуурын жолооч болмор" гэж хараамаар болчихсон байх юм. Дүрэм журам байхгүй ээ, байхгүй. Тэгдэг, ингэдэг гээд жолооч нарын мууг дуудах гэсэн чинь шууд л зүрх савлаад эхэлж байна. Харин санал байна. Жолооны үнэмлэхийг ЗӨВХӨН ХҮНД олгож баймаар байна. Намайг юу гэх гээд байгааг үүнийг уншиж буй та ойлгосон байх гэж найдаж байна. Мөн түүнчлэн уулзвар бөглөрчихөөд байхад цаахна талд нь зогсож байдаг улаан дохиур барьсан, дүрэмт хувцастай бодьгалуудыг ч бас ХҮН мөн үү биш үү гэдгийг нь нягталж байж ажилд авж байгууштай. Ядаж тэр нөхдүүдийн IQ-г шалгаж баймаар юм аа. Эцэст би өөрөө сохрын газар сохор, доголонгийн газар доголон явж сурууштай байна аа, найзуудаа.