Saturday, October 19, 2013

Хаана хоол идэх вэ?

Өнөө орой нэг дажгүй газар сууж сайхан хооллочих юмсан.  Гайгүй хоолтой, нээх удаан хүлээлгэдэггүй газар чинь юу билээ? Санаа оноо юу байна? Хоол нь гайгүй санагдахаар үйлчилгээ нь онцгүй санагдаад байх юм. Эсвэл нээгдээд удаагүй, шинээрээ байгаа газар юу байна? За за яршиг, яршиг, дассан сурсан, таньдаг, мэддэг газар уруугаа  л оръё зүгээр. Туршилт хийж байж оройныхоо наастрыг унагачихвал гай зүгээр...

Танил асуудал мөн байна уу? Ресторан, цайны газар, эсвэл зүгээр яриад суучих газар сонгох гэх тоолонд эдгээр асуудлуудтай тулгардаг уу? Нэг үеэ бодвол манай үйлчилгээний газрууд сонголт арвинтай, үйлчилгээ ч дажгүй болсон шүү дээ гэх өөдрөг найзууд зөндөө. Би санал нэг байна. Үнэхээр тийм болсон, олон болсон газрууд маань одоо зөвхөн хоол болон бусад бүтээгдэхүүнийхээ амт чанар, сонголтоор өрсөлдөхөөс гадна өөр зүйлээр ялгаралаа төрүүлэхийг хичээхгүй бол болохоо байлаа гэж үйлчилгээний салбарт ажилладаг танилууд маань хөмсгөө зангидаж, санаа алддаг болоод удаж байна. Тэр ялгарал нь тэдний ярьж байгаагаар урамшуулал гэх нь олонтаа (бид бүгд л яг ингэж ялгарахыг эрмэлздэг?).


Энэ бичвэр эхлэхэд баахан эргэлзсэн асуултууд тавигдсаар эцэст нь дассан газрын зөөлөн даавуун дээрээ тухлахыг шийдэж буй тухай та уншсан. Тэгэхээр урамшуулал бус харин үйлчилгээгээрээ ялгарах ёстой ч юм шиг? Үйлчилгээг хүн үзүүлдэг энэ салбарын хувьд үйлчилгээ үзүүлэх хүнээ бэлдэх нь харин хамгийн том бэрхшээл нь болчихоод байгаа. Хоёр сая есөн зуун мянган Чингис сэрлээ гэдэг үгийг манай төрийн тэргүүн хэлсэн. Би энэ үгийг их үнэн үг гэж боддог. Омогшил талаасаа биш ээ, бидний зан аашийн төлөв талаасаа. Бид бүгд ноён зантай, бөхөлзөх дургүй, бусдаас үг сонсож сураагүй гэх мэт бид бүгд хүлээн зөвшөөрцгөөдөг үндэстний онцлогтой гэхээр шахуу улсууд. Ямар сайндаа Япон бүсгүйн бичсэн Муухай Монгол хүн гээд нийтлэл одоо хүртэл хүч чадлаа алдаагүй явж байхав дээ? Гэтэл яагаад Монголдоо биш, гадаадад гарсан Монгол хүн энд нэг нүдээрээ ч үздэггүй нөгөө хар бор ажлаа жаргалтай нь аргагүй хийгээд болоод байна вэ гэсэн асуулт нөгөө талд нь тавигдаастай. Тэгэхээр цусанд байдаг бардам зан биш ч юм шиг? Эсвэл Монгол хүн Монгол хүндээ л дургүй, дээрэнгүй ханддаг юм болов уу? Хандлагын асуудал уу?


- Юу захиалахын? ... байхгүй ... гарахгүй ...хүлээж бай, асуугаадхая... Таны захиалга гарч байгаа, хүлээж бай!
- Зөөгч өө... Тэгээд ямар хоол нь байгаа юм? ... Тэгвэл энэ нь гарах юм уу? ...Хачирт нь байцааны салатны оронд төмсний салат авч болох юм уу? ... Зөөгч өө, яачихав аа? Ямар уддаг юм бэ?



Манайд маш сайн биш юмаа гэхэд дажгүй үйлчилчихдэг газрууд бас ч гэж байх нь байгаа шүү. Хурдан шаламгай, инээд алдсан залуус ажилладаг газрууд байгаа. Нийтлэг масс хэсэг нь харин жаахан тааруухан учраас л бид үйлчилгээний, тэр дундаа хоолны үйлчилгээний газруудыг муулаад байдаг байх л даа.Шийдэл юу вэ? Яавал тэр газрууд үйлчилгээгээ сайжруулж, бид сэтгэлдээ таарсан үйлчилгээ авдаг болох бол? Хүн бүр дор бүрнээ нэг нэг шийдэл санал болгох л байх. Зарим нь хүмүүстээ сургалт сайн өг, урамшуулал чухал гэх юм. Зарим нь сайн чангал, гомдол гарвал цалингаас нь, урамшууллаас нь хас л гэх юм. Бас нэг хэсэг нь манайд тип буюу цайны мөнгө өгдөг болчихвол байдал эрс эсрэгээр дорхноо эргэнэ гэх.  Аль аль нь чухал байх. Минийхээр бол ажилтны өөрийн байгууллагадаа хандаж буй хандлага буюу өөриймсөг үзэл их чухал юм шиг санагддаг.



Аливаа байгууллагын нийт ажиллагсдын хамгийн үнэ цэнэтэй, байнга хамгаалж байх, үргэлж сайжруулж, тордож байх зүйл бол ажилчдын өөриймсөг үзэл байх гэж боддог. Ажилчдын ур чадвар, мэдлэг, туршлагыг сайжруулж болно, бүтээгдэхүүнийхээ чанарыг шинэ технологи, ноу-хау ашиглаж сайжруулж болно, байгууллагынхаа үйл ажиллагааг менежментийн системээр дамжуулан сайжруулж болно. Харин энэ бүхний ард ажилчдын өөриймсөг үзэл суурь тулгуур нь болж байдаг билээ.



Өөриймсөг үзэл, хандлагыг хэрхэн бий болгох буюу сайжруулах вэ? Хүмүүсийн толгойд ажилдаа, байгууллагадаа өөрийн юм шиг хандах үзлийг суулгах хэцүү юу? Уг нь бол хэцүү юм төдийлөн байхгүй, гол нь зарим нэг жижигхээн саадыг давчихвал болчих байх. Тэр саад нь эздийн, захирлуудын сэтгэл санаан дотор байдаг саад юм. Яах вэ гэж үү? Ажилчдаа их бага, том жижиг гэлтгүй байгууллагын дотор аливаа шийдвэр гаргах үйл явцад л татан оролцуулдаг, тэдний саналыг сонсдог, тусгадаг, боломжтойг нь хэрэгжүүлдэг болоод ирэх үед байгууллага дотор маш том өөрчлөлт гарч эхлэх болно. Үйлчлилгээ үзүүлж буй ажилтан тань хэрвээ байгууллага нь түүний оролцоог үнэлдгийг мэдэрдэг болох ахул өөрийн ажлаа чин сэтгэлээсээ, дээд зэргийн үр дүнтэйгээр гүйцэтгэж, үйлчлүүлэгчид өөрийн байгууллагынхаа талаар хамгийн өндөр сэтгэгдэл үлдээхийг чин сэтгэлээсээ хүсдэг болох болно. Ажилчдынхаа шинэ санал, санаачлагыг сонсох, дэмжих хэцүү биш биз дээ? Эзний ёсоор ханд гэж хэлэх амархан, харин ингэж ханддаг болгох нь л жинхэнэ авьяастай удирдлагын чансааг шалгах буй за. 

No comments: