Sunday, September 25, 2011

Алим ба хүн төрөлхтөн


Алим гээч энэ жимс хүн төрөлхтний түүхтэй маш олон тохиолдлоор холбогдсон байх нь гайхал төрүүлснийг та бүхэнтэй хуваалцъя гэж бодоод үүнийг бичиж сууна.

Хүмүүс хэзээ анх энэ жимсийг хүнсэндээ хэрэглэдэг болсныг мэдэхийн аргагүй. Гэхдээ эх сурвалжууд энэ жимс анх Баруун Азиас гаралтай, анхны нэр нь Алма гэдэг хэмээн батлаж байна лээ. Шүүс нь зүрхний булчинд сайн, амин дэмүүд, антиоксидантуудаар баялаг энэ жимсний өөрийнх нь шинж чанарын талаар үл өгүүлэн удаахыг өгүүлсү.

Нэгэн зүйл. Манай гаригийн хамгийн их хувиар борлогдсон ном аваас Библи хэмээх судар билээ. Маш олон хэлбэрээр, маш олон орны хэл дээр, маш олон удаа хэвлэгдэн, маш олон хүн уншиж, шүтэж явдаг энэхүү судраар хоёр тэрбум илүү хүн хүмүүжигдэж, уг судраар хөтөчөө хийсэн Христийн шашин өдгөө дэлхийн хамгийн нөлөө бүхий шашин гэдэгтэй маргах хүн цөөхөн байгаа буй за. Энэ сударт өгүүлснээр хүн төрөлхтнийг бурхан бүтээсэн гэдэг агаад анх Адам, Ева хоёрыг бүтээж, бид бүгдээрээ энэ хоёр бодгалиудын үр удам хэмээн номлодог. Уг нь анх бурхан хүнийг бүтээхдээ дандаа жаргаж байхаар зохицуулж өгсөн байсан юм гэнэ лээ. Гэтэл муу ёрын Сатаны хордуулсан АЛИМЫГ мөнөөх Ева идсэнээр хүн төрөлхтний мөнхийн зовлон шаналал эхэлж, биднийг сурган хүмүүжүүлэхийн тулд Христ дэлхий дээр иржээ гэхчилэн цааш үргэлжилдэг дээ. Энд хамгийн эхний АЛИМ бидний түүхэнд тулгарсан тухай гарч байна. Хэдийгээр домог ч гэсэн яахаараа заавал АЛИМЫГ энэ түүхийн нэг гишүүнээр сонгодог билээ?

Нэгэн зүйл. Нар төвт орчлон, орчин үеийн физик, нисэх технологи гэх мэтийн бидний хөгжилд хамгийн том хөшүүрэг болсон нээлт бол яахын аргагүй ИСААК НЬЮТОН хэмээх еврэй эрдэмтний нээсэн Ертөнцийн татах хүчний хууль билээ. Санаж байна уу, мань эр энэ хуулийг нээхдээ модон доор сууж байсныг? Мод нь мэдээж АЛИМНЫ мод. Тэгээд мань эрийн толгой дээрээс гайхал АЛИМ унаснаар бидний хөгжил өнөөгийн түвшиндээ ирээд байгаа хэрэг. Яагаад заавал АЛИМНЫ модон доор сууж таараад, яагаад заавал АЛИМ яг тэр үед нь яг толгой дээр нь унаж таарав аа? Дашрамд дурьдахад Христийн шашны, ер нь шашинаар хүн төрөлхтний оюун ухааныг самууруулж, шинжлэх ухааны үнэ цэнийг зүй ёсоор үнэлэхгүй байгаагийн эсрэг тэмцдэг нэгдмэл бүлэг хүмүүс үеийн үед байсаар ирсэн ба тэднээс хамгийн алдартай нь Иллюминати, Хөлөгт Баатрууд, Чөлөөт Мэйсонууд билээ. НЬЮТОН гуай Иллюминатигийн гишүүн байсан агаад Чөлөөт Мэйсоны нийгэмлэгийн үүсгэн байгуулагч нарын нэг байсан билээ. Өдгөөгийн дэлхийн алдартай улс төрч, санхүүч, үзэл сурталч гээд нөлөө бүхий маш олон хүн Мэйсоны гишүүн байдгийг ч бас дуулгасу. Эцэст нь АЛИМ дахиад л бурхны эсрэг үйл явдалд оролцож орхижээ гэдгийг хэлэх гэснээ хэлээд цааш нь үргэлжлүүлье.

Нэгэн зүйл. Өнөөгийн соёлт нийгмийг тодорхойлогч элдэв зүйлийн хүчин зүйлсийн нэг нь бидний хэрэглээ болсон Apple брэндийн iPod, iPhone, iPad гэх мэтийн чамин бүтээгдэхүүнүүд билээ. Брэндийн нэр нь дахиад л АЛИМ. Энэ удаад харин жимс бус, электрон тоног төхөөрөмж. Электрон тоног төхөөрөмж Христийн шашин хоёр ямар хамаатай юм бэ гэж үү? Ийм байна аа, ер нь түүхийн аль ч үед Ватикан (Христийн шашны төв) шинжлэх ухааны аливаа ололтыг байнга үгүйсгэж, эсэргүүцсээр ирснийг надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Гэтэл тун саяхан уг шашныг тэргүүлж буй XVI Бенедикт буюу Ромын пап ламтан iPad худалдан авч, тэндээсээ түүхэнд анх удаа Христийн шашны тэргүүн дэлхий нийтэд Твийт хийжээ. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны ололтыг хүлээн зөвшөөрөх маш чухал алхам хийжээ гэсэн үг. Уг алхмыг хийхэд тусалсан багаж нь APPLE iPad байлаа. Дахиад л АЛИМ бурхныг ялан дийлчихжээ.

Ингэхэд энэ АЛИМ ер нь ямар шидтэй гайхал вэ? Дараагийн удаа алим идэхдээ түүнд баярлалаа гэж хэлэхээ мартуузай найзууд аа.

No comments: