Sunday, January 11, 2009

Чанар хамгийн зөв хэмнэлт


Гэр ахуйдаа зарцуулдаг мөнгөө хэмнэнэ гэдэг нь ердөө л гэр бүлийнхээ хэрэгцээг зөв тодорхойлж, танд болон танай гэр бүлд яг ямар зайлшгүй хэрэгцээ байна вэ гэдгийг мэдсэнээр эхэлдэг. Хэмнэлт гаргаж эхлэхийн тулд хэрэгцээтэй зүйлсийнхээ жагсаалтыг боловсруул. Хамгийн том зүйлсээс эхлээд, жижиг гэлтгүй бүх л зүйлсийг тусгаж өгөхийг хичээх хэрэгтэй. Томоохон хэмжээтэй, үнийн дүн ихтэй зүйлсээс, жишээ нь байр, машин гэх мэт зүйлсээс маш их мөнгө хэмнэдэг гэдгийг сануулмаар байна. Томоохон зүйлсээс гаргасан хэмнэлт дээр чинь нэмээд хоол, хүнс болон хувцас, гоо сайхны барааны хэрэглээнээс гаргасан хэмнэлт чинь ороод эцсийн дүндээ үнэхээр сонирхол татам мөнгө хэмнэгдэн, танд үлдсэн байх магадлалтайг санана уу.

Ерөнхий зөвлөлгөө

Хэрэгцээ болон хүсэл хоёроо ялгаж сур: Хэрвээ та хэрэгцээ болон хүсэл хоёроо ялгадаг болж чадах аваас асар их мөнгө хэмнэх ур чадварыг эзэмшиж эхэллээ гэсэн үг. Хэрэгцээ гэдэг нь тодорхойлоход маш хялбар. Нэг үгээр бол таны амьд явахад зайлшгүй хэрэгтэй, байр, хоол, хувцас, тээврийн хэрэгсэл гэх мэт зүйлсийг хэлж байгаа юм. Хүсэл гэдэг нь таны болон танай гэр бүлийн амьдралыг мэдэгдэхүйц сайжруулах зүйлсийг хэлнэ. Одоо үед машин гэдэг бол жирийн хэрэгцээ болсон гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Бензин бага иддэг, овор багатай, сэлбэг нь хямд бөгөөд олдоц сайтай тэрэг бол энэ хэрэгцээг элбэгхээн хангачихдаг. Харин жийп болоод ирэхээрээ л хэрэгцээ гэхээсээ илүү хүсэл болчихож байгаа юм. Энийг яах гэж хэлээд байна вэ гэвэл таныг хэрэгцээ, хүсэл хоёроо бусдын нүдэнд лаг болж харагдах гэсэн хүслээсээ болж хольж хутгаад, эцсийн дүндээ санхүүгийн хувьд хүнд цохилтонд битгий өртөөсэй л гэсэндээ тэр шүү дээ.

Үнэ хямдтай нь дээр гэж үү? Ажиглаад байхад хүмүүс гар дээрх мөнгөө багасах тусам хэрэглээгээ хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн уруу чиглүүлдэг болох нь нотлогдсон байна. Бараг л олдмол рефлекс гэмээр юм уу даа. Гэхдээ, энэ нь үнэхээр зөв алхам мөн үү? Хямдхан авсан тэр бараанууд тань урт хугацааны турш таны хэрэгцээг хангаж чадах уу? Эсвэл таны хүсдэг үр дүнг танд өгч чадах уу? Та жишээ нь дэлгүүрээс хямдхан үсний шампунь авахаар зогсож байхдаа үр дүн нь ямар байх талаар эргэцүүлдэг үү, эсвэл үсээ л угааж байвал болоо гээд авчихдаг уу? Ихэнх үсний гэмтэл буюу хуурайшил, үс унах, хугарах, салаалах зэрэг нь хямд шампуниар угааснаас болдог гэдгийг та эрхбиш дуулсан л байлгүй. Эсвэл үнэ хямдаас нь болоод материал муутай цамц авчихаад, түүнийгээ бас л хямд үнэтэй угаалгын нунтагаар угаагаад байвал тун удахгүй бас дахиад нэг хямд цамц авч л таарна даа? Зөвхөн өнөөдөртөө гаргасан хэмнэлтээ жинхэнэ хэмнэлт боллоо гэж боддогоос болоод урт хугацаанд бид хэмнэхээсээ хамаагүй илүү зардал гаргачихсан байдгаа анзаардаггүй нь харамсам. Чанартай хүнсний бүтээгдэхүүн идэж хэрэглэснээр та ирээдүйд ходоодныхоо эмчилгээнд зарцуулах мөнгөө хэмнээд зогсохгүй, хамгийн гол нь эрүүл мэндээ бүтэн авч үлдэж байгаа юм шүү дээ. Эсвэл чанартай угаалгын нунтагаар хувцас хунараа угааснаар тухайн эдлэлийнхээ насыг уртасгаж байгаа хэрэг. Хэмнэлт гэж үнэндээ үүнийг л хэлнэ шүү дээ.

Үнэтэй зуршлууд ашигтай юу? Хүмүүс зарим тохиолдолд ямар нэг зүйл шинээр худалдан авахдаа хэрэглээндээ нийцэхүйц хэмжээнээс хэд дахин илүүг төлдөг. Жишээ нь $15'000-тай хүн $5'000-р машин авч унах боломж байсаар атал бүх мөнгөөрөө том жийп авч унадаг, эсвэл яг өртөгийг нь бодоод үзэхэд 3'000 мянган төгрөгийн үнэтэй цамцан дээр 20'000 төгрөгийн ямар нэг брендийн лого хадсан цамц авч өмсөх, эсвэл жирийн нэгэн дундаж ресторанд ороод 10'000 төгрөгөөр аваад идэх хоолтой яг адилхан амттай хоолыг аль нэгэн үнэтэй ресторанаас 50'000 төгрөгөөр авч идэх гэх мэтчилэн тоочоод байвал барагдашгүй. Гэр бүлийнхээ мөнгийг ямар зүйлд зарцуулаад байгаагаа бодож үзээд, зарим нэг үнэтэй зуршлаасаа татгалзахад болохгүй нь юун.

Том савлагаатай нь илүү үнэтэй байдаг уу? Одоо үед ихэнх бүтээгдэхүүнийг янз бүрээр савлан худалддаг болжээ. Кока-Кола л гэхэд та бидний нэрлэж заншсанаар Эм Си Эс буюу шилтэй, тэгээд лаазтай, удаад нь хүслийн ундаа, бидний ундаа, түмний ундаа гэх мэтчилэн савлагдан борлуулагддаг. Савлагаа нь томрох тусмаа нэг грамм ундааны үнэ хямдарч байдгийг хүмүүс бүгд мэддэг. Хэлэх гээд байгаа юм маань их энгийн. Хэрвээ танай гэр бүлийн хэрэгцээнд гурил, будаа, элсэн чихэр, эсвэл шампунь, угаалгын нунтаг зэрэг тань дуусаад, та шинийг авах гэж байгаа бол айлтүй том савлагаатайг нь сонгоорой. Та хэмнэлт гаргалаа л гэсэн үг. Ингээд эцэст нь дүгнээд хэлэхэд хэмнэлтийг зөвхөн тухайн мөчид гаргаснаараа тооцдоггүй, харин ч урт хугацаанд ихийг хэмнэх нь илүү үр дүнтэй бөгөөд чанартай бүтээгдэхүүн хэрэглэснээр урт хугацаанд хэмнэлт гаргах үндэс суурь юм. Нэг үгээр бол чанар хамгийн зөв хэмнэлт гэсэн үг билээ.