Wednesday, April 25, 2007

Зvгээр л

Сүүлийн хэдэн хоногт хэд хэдэн кино үзэж, хэд хэдэн газраар орж, хэд хэдэн хүнд тусалсаар өнгөрөөв. Аа бас нэг мюзикал концерт DVD-р үзсэн юм байна.

Pursuit of Happyness гээд киног анх гарж байх үед нь ид завгүй гүйсээр театрт үзэж амжаагүй, сая DVD дээр гарахаар нь үзлээ. Үнэхээр их таалагдав. Уилл Смит за 5 биш юмаа гэхэд 4 одтой жүжигчин болжээ. Гайхамшигтай сайн тоглосон байна лээ шүү. Энэ киног ихэнх хүмүүс узсэн гэж бодож байгаа боловч киног хүндэтгэх үүднээс тайлбарыг дараа оруулна гэж бодоод байгаа.

The Freedom Writers гээд бас л жаатай кино үзлээ. Арьс өнгөний тэмцэл, хор уршиг, яагаад хоорондоо ингэж их үзэн ядалцаад байдгийг, ингэхгvйгээр амьдрах боломж маш их бийг харуулсан кино. Үндсэндээ Америк хэмээх орны тухай л юм уу даа. Энэ кино ч бас их таалагдсан.

Candy гээд бас нэг кино байна аа. Бурхан минь, яасан ч хүнд амьдралаар амьдардаг улсууд вэ дээ. Өмнөөс нь үхээд өгмөөр санагдаж байна лээ. Хар тамхиа гэж...

Пинк Флойд хамтлагийн ид мандан бадарч байх үедээ хийлгэсэн Live at Pompeii гээд кино концерт үзлээ. Гайхамшигтай. Таашаал гэж үүнийг л хэлдэг байх. Би үгээр илэрхийлж үнэхээр чадахгүй юм шиг байна дөө. Хүмүүс тэгж байгаад олоод үзчихвэл миний мэдрэмжийг мэдрэх байх.

Өө нээрээ, мартсанаас би нэг бүтэн сайнд алимны компот гэдэг юм хийгээд идчихсэн чинь хүмүүс жорыг нь гээд байсан. Жорсоод байх юмгүй ээ, би л өөрөө компот гээд их зоригтойгоор нэрлэчихсэн юм. Алимаа хальснаас нь салгаад, доторх үрийг нь цэвэрлээд, сайн угааж байгаад л усанд буцалгах хэрэгтэй. Жаахан өтгөн болгомоор байвал багавтар усанд удаан буцалгах хэрэгтэй, шингэн байлгамаар байвал их усанд хэт удаан биш буцалгах хэрэгтэй. Би бол дээрээс нь элсэн чихэр, шингэн лимоны хүчил гэх мэтхэнийг нэмээд л болгочихсон. Минийх жаахан өтгөндүү талдаа болсон л доо. Ойролцоогоор 45 минут орчим л буцалгасан байх. Гаргаж ирээд сайтар хөргөөд, хүв хүйтнээр нь хэрэглэхэд янзтай байсан. Гол нь хүний амт тааруулах авъяас л мэдэх байх даа. Часхийсэн гоё амттайг хийгээрэй гэж жор асуугаад байсан улсуудад хүсэх байна.

Ойрд зав муутай, үүний дараагийн бичлэг өөр тивээс хийгдэх байх гэж бодоод байгаа. Баяртай, нөхөд өө!

Sunday, April 8, 2007

Неверландын эрэлд

Finding Neverland

2004 оны 11 сард нээлтээ хийсэн

Найруулагч: Mark Foster

Дvрvvдэд: Johnny Depp, Kate Winslet, Julie Christie, Dustin Hoffman

Тєрєл: Драма

Yргэлжлэх хугацаа: 1 цаг 46 минут.


Шагнал: Academy Award 2004.



Peter Pan-ы vлгэрийг ихэнх хvмvvс мэддэг байх гэж бодож байна. Yлгэрийн орны сахилгагvй ханхvv. Хvvхдvvдийн сайн найз, хурдан шалмаг хєдєлгєєнтэй, єє тэгээд хамгийн гол нь агаарт дvvлэн нисэж чаддаг. Энэ vлгэр л гэхэд єєрєє гайхамшигтай зохиол билээ. Дэлхийн сонгодог зохиолуудын нэг болж чадсан энэхvv vлгэрийг хэн, хэрхэн яаж зохиосон тухай энэ кинонд єгvvлдэг.
.
Би vнэндээ киноны талаар мэдлэг маруухан нэгэн л дээ. Кино шvvмжлэх, хооронд нь харьцуулалт, дvгнэлт хийх тvвшингийн хvн бол би яавч биш. Гэхдээ энэ кино миний vзсэн бvх кинонууд дундаас маш том сэтгэгдэл vлдээсэн хэдхээн кинонуудын нэгэнд зvй ёсоор тооцогдох бvтээл билээ. Кинонд оролцон тоглож байгаа жvжигчид болгон єєрийнхєє дvрийг гайхамшигтай амилуулж чадсан бvтээл болсон гэж боддог. Кино vзээд дуусахад єєр ертєнцєд очоод ирсэн мэт, сэтгэл дvvрэн, хангалуун таашаал авсан байхыг би хvсдэг бєгєєд энэ кино надад чухам тэр таашаалыг эдлvvлж чадсан бvтээл билээ.
.
Кино бvхэлдээ зохиолч J. M. Barrie (Johhny Depp) хэмээх хvний тухай, тэр хvн хэрхэн яаж Peter Pan хэмээх гайхамшигтай vлгэр бичсэн тухай єгvvлдэг. Зохиолчийн ер бусын авъяас чадвар, уран сэтгэмж зэргийг vзvvлэхээс гадна, гэр бvлийн амьдралын зєрчил гэх зэргийг vзvvлнэ. Barrie-гийн ургуулан бодож буй хэсгийг vзэхэд тэр хэсэг нь зvгээр л дэлгэц дотроос амилаад миний эргэн тойронд гараад ирж буй мэт л сэтгэгдэл тєрvvлсэн билээ.
.
Би Johnny Depp-ийн тоглосон бараг бvх киног vзсэн гэж хэлэхэд худал хэлсэн болохгvй бєгєєд урд ємнє нь гэмт хэрэгтэн, мєрдєгч, эрэн сурвалжлагч, дээрэмчин, хайчин гарт гээд ихэвчилэн vл бvтэх, этгээд хvний дvрд тоглож байсныг бодолцож vзээд зохиолч хvний дvрд ийм чадварлаг тоглосныг нь биширсэн. Киног vзэж байхад тvvний дvрээс Johnny Depp-ийг биш, харин зохиолч J. M. Barrie-г дандаа харж байлаа.
.
Peter болон Michael нарыг дурдахгvй єнгєрж боломгvй. Энэ 2 жаалхvv гайхамшигт киноны доторх гайхамшиг болсон билээ. Магадгvй би Бритиш акцентанд дуртай болоод ч тэр юм уу, энэ 2 жаалын дvр надад маш гvнзгий сэтгэгдэл vлдээсэн гэж хэлж болно.
.
Киноны хєгжмийн тухай бичилгvй єнгєрвєл алдас болно байх. Yйл явдалтайгаа дэндvv сайн зохицож, наалдаж чадсан, vлгэрийн юм шиг уран тансаг, чих уруу зєєлнєєр урсан орох гайхамшигт аялгуу. Киноны хєгжмийг бичсэн Jan A.P. Kaczmarek гэдэг хvн энэ бvтээлээрээ 2004 оны Academy Award шагнал авсан гээд бодохоор ойлгомжтой байгаа байх аа.
.
Энэ киног vзээгvй яваа хvн цєєхєн байх гэж бодож байна. Хэрвээ vзээгvй байгаа бол ЗААВАЛ vзэхийг санал болгож байна. Магадгvй та цуглуулгандаа оруулах ёстой кинонуудын нэг нь ч байж болох.

Friday, April 6, 2007

Ээж ээ, хvv нь таньдаа хайртай

Одоогоос 10 жилийн ємнє би шавилхан бацаан байхдаа нэг удаа дvрсгvйтээд найзуудтайгаа нийлж шар айраг ууж сонирхоё гэж бодоод ууж билээ. Орцондоо, яг гэрийнхээ vvдэнд шатан дээр сууж уучаад гэртээ явж ормогцоо аавдаа баригдаж хєєрхєн бангадуулж байсан минь ерєєсєє санаанаас гардаггvй юм. Та бvхэн намайг хєгжилтэй явдал бичих гэж байна гэж бодно уу? Єршєєгєєрэй, энэ удаа би ээжийнхээ тухай хэдхээн vг бичихийг хvссэн юм.
.
Тэр орой толгойгоо эргэтэл аавдаа загнуулж суухад минь ээж харин яагаад ч юм єрєєнєєсєє толгойгоо ч цухулгаагvй юм. Сvvлдээ ааваасаа биш, ээжийгээ гомдоочихов уу даа гэсэн бодолдоо автаж ээжээсээ илvv айж билээ. Маргааш єглєє нь сэрдгээрээ сэрж цvнхээ аваад хичээлдээ явсансан. Эхний цагийн лекцийг бичиж тэмдэглэх санаатай дэвтрээ гаргатал дотор нь нэг хуудас цаас. Сєхєєд хартал нэг л танил бичиг. Ээжийн бичиг. Ээж минь яг л цэвэр бичгийн номон дээр vлгэрлэн бичсэн байдаг шиг бичигтэй хvн байдаг юм. Би тэр хуудас цаасыг гаргамагцаа учиргvй айж эхэллээ. Сэмээрхэн дэлгээд хартал "Одко, миний хvv, ээж нь чамтай яаж ярих учраа ололгvй энэ захиаг бичиж сууна..." гэсэн эхний мєрийг хармагцаа л миний хамар шархираад ирлээ. Хуудас цаасаа эвхэж хармаалаад багшаас зєвшєєрєл авангуутаа гадаа гарлаа. Сургуулийн архан талд байх задгай талбай дээр очиж замын хашлаган дээр суулаа. Эргэн тойронд цав цагаан, бас чамгvй хvйтэн. Эргээд захиагаа тэмтэрсээр гаргаж ирээд уншиж эхэллээ. Ээж минь захиандаа намайг муу хvн гэж зэмлэх гэсэнгvй ээ. Оронд нь хvний газар ганцаархнаа хэрхэн намайг тээж, хорвоо дээр хvн болгож тєрvvлснээ бичжээ. Гэдэс нь томрох тусам сургууль гэр 2-н хоорондох зай нь холдоод буй мэт санагдан, хавагнасан хєл нь улам бvр янгинах болж, тэр замыг туулах гэж олон удаа сууж амарч, заримдаа сэтгэл шантраад уйлж сууснаа бичиж. Ээж аав хоёр маань уг нь ойрхон хотуудад суралцдаг оюутнууд байсан юм. Аав хааяа єєрийн хичээлийн зав зайгаар ээж руу байнга очдог байсан боловч хєл хvндтэй залуухан бvсгvйд ганцаараа хэцvv байсныг би гэнэт мэдэрлээ. Эмч ээжид маань шийгуа сайн ид, хаван чинь бууна, хавангаа буулгахгvй бол хvvхдэд чинь муу гэж хэлсэн болохоор нь ээж маань хичээлээ тараад зам хазайж хvнсний зах уруу алхаж очоод том шийгуа авч, тvvнийгээ тэврээд, гэдэс, дvvрэн ном чихсэн цvнх, шийгуа гуравтаа тvvртэн тvvртэн алхсаар дотуур байрандаа ирдэг байсан тухайгаа бичиж. Хорвоод нэг хvнд амьдрал бэлэглэж байна хэмээн єєрийгєє зоригжуулж байснаа бичиж. Харьков хотын хавар дэндvv гоё болдогийг бичиж (би хавар тєрсєн). Яг хот гэдэг vгэн дээр нулимс дусаад хатсан мєр байна...

...Нэг мэдсэн чинь би асгартал уйлаад сууж байв аа. Ээж минь намайг энэ хорвоод ирvvлэх гэж хориодхон насандаа хvний нутагт ганцаараа, дээрээс нь электроникийн инженер мэргэжил эзэмших (тэр сургуулийг улаан дипломтой тєгссєн хvн нийт 20 орчим байдаг агаад нэг нь ээж минь) гэж хичээл номондоо дарагдан дарагдан зvтгэсэн байтал би дєнгєж уруул дээр минь хэдэн vс ургаж эхлэв vv vгvй юу гомдоож эхэлж байдаг гэж бодох тусам єєрийгєє зvхсээр л... Гэхдээ тэр vед би ээжийн захианы утгыг бvрэн гvйцэд ойлгоогvй явжээ. Єєрєє хvний газар суралцахаар ирсэн хойно оо тэр захианаас бас дахиад л єєр єргєн, гvн утга олж анзаарсан. Хэдий ийм боловч би хэзээ ч тэр захиаг бvрэн гvйцэд ойлгохгvй, ээжийнхээ намайг тєрvvлэх гэж яаж зvдэрж явсаныг бvрэн дvvрэн ойлгохгvй байх даа... Ээж ээ, хvv нь таньдаа хайртай.

Thursday, April 5, 2007

Амьдрал юун дээр тогтож байна вэ?

Амьдрал юун дээр тогтож байна вэ? Амьдрахын тeлeeх урам зориг дээр тогтож байдаг гэж боддог. Нэгэнт амьдарч байгаа юм чинь (би амьдрахгvй гээд сайн дураараа vхдэг хvмvvсийн хувьд амьдрал єєрєє байхгvй) аз жаргалтай амьдрах ёстой. Аз жаргалтай амьдрахын тулд түүнийг эрж хайх хэрэгтэй. Энэ эрж хайж байгаа эрэл нь eeрee эргээд хүний амьдралыг хeтeлж байгаа мотив болдог байх. Энэ эрэл тэмцлийг би нийтэд нь амьдрах хvсэл тэмvvлэл, урам зориг хэмээмээр байна. Амьдрал энэ эрэл тэмцэл дээр л тогтоод байна уу даа...

Sunday, April 1, 2007

Ганцаараа

Золоо єєрийхєє єрєєнд толгойгоо салаавчлан адар ширтэн хэвтэнэ. Нvд нь адар дээрх цуурхай гарсан зураасыг ширтсэн чигтээ гєлєрчээ. Гэрт нь нам гvм. Тvvнд єєрєєс нь бусад бvх юм хоосон утгагvй санагдах ажээ. Тэр ердєє гав ганцаарханаа л юм шиг. Уг нь тэр ганцаараа биш олуулаа, аав, ээжтэйгээ, эгчтэйгээ, дvvтэйгээ хамт байдаг vе байсаан. Бас найз охинтойгоо ирээдvйгээ тєлєвлєєд алхаж явах vе ч байсан. Гэтэл нэг л єдєр тэрээр ганцаараа болчихсон. Учир нь гэвэл тvvний найз охин жирэмсэн болсон бєгєєд тэрээр энэ тухай ээж аавдаа дуулгахад тэр хоёр нь золтой л чєтгєрийн хvvхэд тєрvvлэх гэж буй аятай эсэргvvцсэн. Юу ярьж байгаа юм, чи одоо дєнгєж хорин дєрєвтэй. Амьдрал эхлэх яагаа ч vгvй байна, цаад охин чинь ч гэсэн чамд нээх их хань болох хvн биш энэ тэр гэсээр тэрхvv явдал эцэг эхийнхээр нь болоод єнгєрсєн. Тэр vед Золоо эхнийх нь бvтээгvй ч дараагийх нь бvтэж л таараа гэж єєртєє чин сэтгэлээсээ хэлсэн. Найз охиндоо ч мєн адил тэгж л хэлсэн. Гэтэл юун дараагийнх нь байтугай тэр хоёр єєрсдєє ч бvтээгvй, хоёр тийшээ болчихсон. Хэн хэнээс нь л болсон байх. Тэр явдлаас хойш Золоо эмэгтэй хvнд сэтгэлээсээ татагдаж vзсэнгvй явсаар 5 жил єнгєрчихєж. Энэ хооронд харин нєгєє бvсгvй нь хvнтэй суусан боловч хvvхэд гаргаагvй. Саяхан хvvхэд єргєж авсан сураг сонсогдож байсан. Тэp явдлаас хойш ээж аавдаа, эгчдээ, дvvдээ хайргvй болчихсон. Яагаадыг єєрєє ч ойлгоогvй. Тэд зvгээр л таньдаг хєндлєнгийн хvмvvс шиг л санагддаг болчихсон. Ялангуяа ээж аав нь. Дvvдээ хайртай л даа. Гэхдээ л єєрийх нь хvvхэд дvv шиг нь хєєрхєн байх байсан гэдэг бодол дvvгээ харах болгонд нь толгойд нь орж ирнэ. Энэ vед тэрээр ээж аавыгаа vзэн яддаг байлаа. Охид бvсгvйчvvдтэй сэтгэлээсээ ойртохгvй боловч тэр дахиад хэд хэдэн бvсгvйтэй учирсан. Гэхдээ хоног тєєрvvлэх л гэж. Золоод бол тэднийг эргvvлж, найрж явах vнэхээр утгагvй санагддаг болчихсон. Тийм учраас зvгээр л хєлсийг нь тєлєєд хоног тєєрvvлчихдэг болсон. Ямар ч утгагуй механик хєдєлгєєн гэж єєртєє хэлсээр єглєє нь буудлаас гардаг болсон байсан…
.
...Дєрвєн сарын ємнє Золоо єєрийгєє ДОХ-той гэдгийг мэдсэн. Хэнээс, хаанаас, яаж яваад авсанаа мэдээгvй. Хоног тєєрvvлж явсан хонгоруудын нэгнээс л авсан байж таараа гэж єєртєє хэнэг ч vгvй хэлсэн. Гэрийхэн нь ч бас мэдсэн. Тэдэнд зvгээр л юу ч болоогvй юм шиг “Би ДОХ тусчихсан байна” гэчихээд єрєє уруугаа яваад орчихсон. Тэр єдрєєс хойш ээж аав хоёр нь тvvнтэй тухтай ярилцах гэж хэд хэдэн удаа гуйгаад дийлээгvй. Нэг удаа ээж нь бvvр єрєєнд нь ороод ирчихсэн “Миний хvv ээжийгээ уучлаарай, таван жилийн ємнє ээж нь их буруу юм хийжээ…” гэж ирээд баахан юм ярьсан. Золоод болохоор ээжийх нь яриа аажмаар холдсоор чив чимээгvй болчихсон. Тэр зvгээр л таазаа ширтээд хэвтээд байсан. Ээж нь хажууд нь сууж мэгшсээр Золоог хэдэнтээ сэгсэрж єєртэйгээ ярихыг шаардаж, гуйсаар єрєєнєєс нь гарсан. Золоод юу ч бодогдоогvй. Зvгээр л бvх юм хоосон оргиод байсан. Ээж аав нь ч, хэвтэж байгаа ор дэвсгэр нь ч, тэр байтугай энэ хорвоо дэлхий тэр чигээрээ хоосон оргиод эхэлсэн. Энэ vеэс л Золоо єєрийгєє гав ганцаараа гэдгийг маш тодоор мэдэрж эхэлсэн. Тvvнд хажуугаар нь болж байгаа бvхэн ямар ч хамаагvй, утгагvй мэт санагдах учир тэр ажлаасаа гарж, ихэнх цагаа єрєєндєє ганцаар тааз ширтэж єнгєрєєдєг болсон. Хоол ч бараг идэхээ байсан. Хvмvvс нэгнийхээ мууд vнэхээр дуртай байдгаас хойш сонингийхон гэж адгийн нохойнууд хvртэл vнэртээд мэдчихсэн єєрийг нь оролдох гэж нэлээн хэд vзсэн. Тэр гэрээсээ ч цухуйгаагvй. Найзууд нь асууж сурагласаар сvvлдээ алга болцгоочихсон. Гэрийхэн нь хvртэл хvн амьтнаас дєлєєд нэг л зожиг болцгоосон. Магадгvй хvн амьтад тэднийхнээс дєлєєд байгаа ч юм билvv. Тvvний євчин одоо хvнд шатандаа орсон гэж эмч нар хэлээд хэдэн ширхэг эм єгсєн. Эм єгєхдєє эмчийн нvд aвралгvй ээ эгчийн дvv гэж хэлэхийг хvсэж буй мэт санагдсан. Золоо багадаа хоёр ч удаа шарлачихсан болохоор тvvний элэг муу. Хаая цєсєєр нь хатгуулж євддєг. ДОХ хvчээ авахтай зэрэгцэн сvvлийн vед элэг нь нэг л биш болоод байгааг Золоо мэдрэх нь мэдэрсэн. Гэхдээ тоогоогvй. Яагаад гэвэл тэр энд удахгvй, тэнд очиход тvvнд элэг хэрэггvй гэдгийг мань хvн мэдэрж байсан…
.
…Золоо гэрээсээ гарлаа. Замд нь 10 жилийн ангийх нь залуу тааралдаж мэнд усыг нь асууж уулзсан боловч Золоо нээх их тоосонгvй. Ангийнх нь залуу тvvнийг нvднээс гарчихаж, євчтэй байгаа юм уу, хэдvvлээ ойрноос нэг тухтай уулзаж, буу халж сууцгаая гэсээр салсан. Сажилсаар ойрмогхон байх дэлгvvрт орлоо. Хармаагаа уудлаад vзэхэд тvvнд яг хоёр шил архины мєнгє байна. Золоо vйлчлэгч бvсгvйд мєнгєє єгч хоёр шил архиа євєртєє хийгээд дэлгvvрээс гараад буцаад сажиллаа. Уг нь тэр насаараа шахуу спирттэй зvйл уух хориотой байсан хvн. Элэг нь дийлэхгvй гээд эмч нар тас хорьдог байсан. Одоо бол тvvнд дийлэх vгvй нь ямар ч падгvй. Мань хvн явсаар байшингийнхаа орц уруу орж шатаар єгссєєр байшингийнхаа дээвэр дээр гарлаа. Энд хэн ч байхгvй. Тагтаанаас єєр хань байхгvй. Хvмvvс тэр доор жирэлзэн харагдана. Тэдэнд бол энэ амьдрал хоосон биш ээ, тэд утгатай амьдарж байгаа хvмvvс. Гэхдээ эцcийн дvндээ хоосон гэдгийг тэд мэдэрдэг ч ойлгохыг хvсдэггvй. Нар жаргах гэж байлаа. Золоо эхний архиа задлаад нар уруу ширтэн сууна. Золоо одоо гав ганцаараа байна. Одоо ч гэж дээ. Ер нь л ганцаараа байдгаас хойш. Тvvний царайд бvдэгхэн инээмсэглэл тодоржээ...
.
2006 оны 6 сар. Лос Анжелес хот