Wednesday, October 28, 2009
Гахайн ханиадны вакцин
Хүмүүс айж байна. Би ч бас айж байна. Яагаад мөрөөрөө, зүгээр амьдарч болохоо байчихсан хорвоо юм болоо? Муу юм хийлгүй, хүнд гай тарилгүй, эрүүл мэндээ анхаараад мөрөөрөө амьдарч байхад элдэв янзын өвчин зовлонгууд энд тэндээс хийсэж ирээд байдаг сонин цаг үед амьдарцгааж байгаа хүмүүс бүгд яах учраа олохгүй, дотроо айдастай амьдарцгааж байна.
Мэдээллийн бүх сувгаар ханиад томуунаас урьдчилан сэргийлэх зорилготой ухуулга, сурталчилгаануудаар бөмбөгдөж байна. Ядаж энэ түвшинд ажиллаж байгаа нь сайн хэрэг ээ. Гэхдээ зогсоо зайгүй ийн бөмбөгдөж байгаа нь нөгөө талаас хүмүүсийн өнөөх айдсыг улам нэмэгдүүлсээр байгаа нь үнэн билээ. Хажуугаар нь элдэв цуу яриа энд тэндгүй тэнүүчилнэ. Маск зүүх хэрэггүй, зүүхгүй байснаас долоон дор мэтийн гажиг ярианд итгэчихсэн хүмүүс ч мэр сэр байх юм. Эрүүл хүн гахайн ханиад тусчихвал илүү хурдан үхнэ ч гэж байх шиг. Эрүүл хүн сонсоод итгэхэд бэрх зүйлсийг хүмүүс хоорондоо түймэр мэт хурдан дамжуулцгааж байна. Энэ хэрээр тэдний айдас улам бүр нэмэгдсээр л. Айдас ямар аюултай болохыг мэдэх үү?
Би нэг зүйлийг сүүлийн үед бодох боллоо. Юу вэ хэмээвээс, хүмүүс бид чинь сэтгэлээрээ амьдардаг бодгалиуд шүү дээ. Өвдчихгүй юмсан гэж бодох тусам өвдөцгөөдөг буюу аливаа зүйлд санаа зовох тусам нэрвэгдэх магадлал төдий чинээ ихэсдэг зүй тогтол хүмүүс бидэнд байдагтай маргах хүн байхгүй л байх. Тэгэхээр ийм байна аа, хүмүүс ээ. Хэдий чинээ айх тусам бидний бие махбодь айдсаа дагаад сулрана гэдэгтэй маргах хэрэггүй. Хэрвээ суларвал гахайн биш юм аа гэхэд энгийн ханиад томуугаар өвдөх л байх. Тэгээд хүрсэн ханиаднаасаа бүүр ч ихээр айх үед өнөөх гайхал нь хүндрэх л байх. Муу амтай нөхөр вэ гэж бүү бодоорой. Тун магадгүй үзэгдлийг л ярьж байна. Тэгээд яалгах гэсэн юм бэ гэж үү?
Хэдүүлээ өөрсдийгөө вакцинжуулъя. Биднийг бөмбөгдөөд буй урьдчилан сэргийлэх аргууд мэдээж хэрэгтэй зүйлс гэдгийг дээр хэлсэн. Гэхдээ зөвхөн маск зүүгээд, гараа байнга савандаж угаагаад, олны хөлөөс дайжлаа гээд бүрэн сэргийлэгдэхгүй. Тавин хувь сэргийлэх байх. Нөгөө тавин хувь нь та бидний сэтгэл санаанд байгаа юм. Бүгдээрээ сайхан тайван байцгаая. Айдас хүйдэсгүй, уур уцааргүй, сэтгэл санаа амар амгалан байх аваас хүний биеийн дархлаа гойд сайн ажилдаг гэдгийг батласан юм гэсэн. Гаднаасаа ч хамгаалъя, дотроосоо ч өөрсдийгөө хамгаалъя. Аль болох орчин тойрноо, юмс үзэгдлийг тайвнаар хүлээж авцгаая, айж эмээж, уурлаж бухимдахаасаа өмнө биеэ барьж сурцгаая. Зүгээр л нэг уриалга биш ээ, найзууд аа. Энэ бол өнөөдрөөс эхэлж та бидний амьдралдаа хэвшүүлэх ёстой шинэчлэл. Биеэ барьж, тайван амьдрах нь эрүүл байхын үндсийн үндэс. Уур биеийг зовооно гэдэггүйсэн билүү? Бидний цөөхөн Монголчууд сүүлийн үед хэт бухимдалтай амьдарч байгаа талаар бишгүйдээ л ярьцгаалаа, бухимдацгаалаа. Одоо харин өөрсдийнхөө төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө, ирээдүйнхээ төлөө айдас хүйдэс, уур бухимдлаа гээх цаг ирж.
Би ч яахав тайван байж болж байна, харин бусад хүмүүс тайван байлгахгүй байна шүү дээ гэх гэнэн цайлган хүмүүс мэр сэр таарах л байх. Хамгийн гол нь бусдыг бухимдуулахгүй байх л хэрэгтэй шүү дээ. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг дээ. Ойрхны жишээ татъя. Зам дээр хоёр жолооч нэг нь нөгөөгөө шахсаны төлөө зам таглаж зогсоцгоочихоод хэрэлдэж буй үзэгдэл байнга гарч байдаг даа. Энэ зуур тэдний араас гудам дүүрэн бөглөрөл үүсээд бүх жолооч нар бухимдалтай нь аргагүй дуут дохиогоо тэнхээ мэдэн хангинуулдаг. Тэр бүх хүмүүс өнөөх хоёрхон жолоочоос болж бухимдаж буй нь энэ, эрүүл мэндээрээ хохирч буй нь энэ. Тэхээр өөрөө бухимдахгүй байя гэвэл, их амархан. Ердөө л жоохон ч гэсэн хүлээцтэй байгаад сурчихвал болох нь тэр. Үүнийг хэрвээ уншиж байгаа бол би танаас хичээнгүйлэн гуйя. Олны дунд, замын хөдөлгөөнд оролцохдоо, хамт олонтойгоо, гэр бүлийнхэнтэйгээ харьцахдаа аль болох тэвчээртэй, хүлээцтэй хандаж байгаарай гэж. Үр дүнд нь та эрүүл байх юм байгаа юм. Таньд эрүүл энх, амар амгаланг хичээнгүйлэн хүсье!
Tuesday, March 31, 2009
Яана аа, одоо???
Хvн vхэхээрээ диваажин гэдэг гоё газар очдог юм гэсэн. Манай хажуу айлын хvvхдийн эмээ нь саяхан тийшээгээ явсан юм. Буцаж ирээгvй л байна. Намайг vхэхээс eмнe ирвэл тvvнээс диваажин гэж ямар газар байдаг талаар сайн асууж байгаад явах юмсан, сайхан ааштай эмээ байдаг юм. Даанч би тvvнийг хvлээж амжихгvй байх л даа. Нээрээ диваажин руу номоо авч яваад тэр эмээгээр уншуулж болох болов уу? Гэхдээ хажуу айлын хvvхдийн эмээ ч ном уншиж мэдэхгvй л дээ, манай eвee шиг мундаг биш юм чинь.
Манай eвee ч vнэхээр мундаг шvv. Орой болгон нvдний шилээ зvvж байгаад миний номыг уншиж eгдeг юм. eвeeгийн зав гарахгvй бол би номоо эмээгээрээ уншуулдаг. Манай эмээ багш болохоороо надад бас vсэг зааж eгдeг юм. Би ёстой хурдан сурч байгаа, eнeeдeр гэхэд л ААВ гэж бичиж сурсан. Аавыгаа ирэхээр бичиж vзvvлэх юмсан гэж бодоод хичээгээд л байгаа. Манай ээж аав хоёр “хойно” гэдэг газар сургуульд сурдаг болохоор би одоохондоо эмээ eвeeтэйгээ хамт байдаг юм. Намайг сургуульд орохоор ээж аав хоёр ирээд, дvv бид дeрeв хамтдаа амьдрах гэж байсан юм. Гэтэл би ингээд юу юугvй vхэх болчихдог, онцгvй юм аа. Айгvй л бол ирэхээс нь eмнe vхчихлээ гээд ээж аав хоёр гомдох байх даа.
Хажуу айлын хvvхдийн эмээг vхэхэд тэдний ээж аав хоёр уйлаад, гэрээр нь дvvрэн ууртай царайтай хvмvvс сууцгаагаад, бeeн л юм болоод байх шиг байсан. Диваажин гэж тийм гоё газар байдаг юм бол тэд нар яагаад уйлаад байсан юм болоо? Эмээ нь тэд нарыг авч явалгvй, ганцаараа яваад eгсeн гээд гомдоод уйлсан юм болов уу? Эмээ намайг авч явалгvй, ганцаараа дэлгvvр яваад eгeхeд би ч гэсэн гомдоод уйлчихдаг л юм. Гэхдээ би одоо том болсон юм чинь аль болох уйлахгvй байхыг хичээж байгаа л даа. Хажуу айлын эгч ах хоёр ийм том болчихоод уйлж байдаг, ичдэггvй юм байх даа? Би лав байсан бол ичээд уйлахгvй ээ.
Миний Буратиногийн тухай номыг саяхан манай ээж аав хоёр явуулсан юм. Тэр хоёр дандаа надаа гоё юм явуулдаг л даа. Тvрvvн ирэхдээ бас айгvй гоё шар vстэй хvvхэлдэй авчирсан, гэхдээ хажуу айлын хvvхдэд байдаг шиг гоё буу авчирч eгсeн бол бvр гоё байхгvй юу. Би eчигдeр хvvхэлдэйнийхээ vсийг Мальвинагийнх шиг цэнхэр eнгeтэй болгох гэж байгаад нvvрийг нь муухай болгочихсон. Эмээг загнана байх гэж бодоод хvvхэлдэйгээ орныхоо доор нуучихсан байгаа. Одоо би vхчих юм чинь эмээд загнуулахгvй, гоё доо.
Намайг vхчихээр миний шар vстэй хvvхэлдэй ганцаараа уйдах байх даа. Бид хоёр уул нь дандаа хамт айл гэртэж тоглодог юм. Хажуу айлын хvvхдэд сайн захиж байгаад л явахаас. Тэр ч гэхдээ буунаас eeр юм мэдэхгvй л дээ. Айгvй л бол хvvхэлдэйг минь айлгачихна. Тvvнийг айлгахаар нvд нь хаагдахаа байчихдаг юм, над руу хараад л байна. Нээрээ миний хvvхэлдэй айгvй гоё урт сормуустай том нvдтэй шvv. Яг л Мальвинагийнх шиг. Миний сормуус ийм гоё урт болох болов уу?
Одоо би унтаад eгвeл маргааш eглee диваажинд сэрч магадгvй, тийм ээ? Нээрээ диваажинд цэцэрлэг байдаг болов уу? Би eглee болгон босоод цэцэрлэгтээ явдаг юм. Хэрэв диваажинд цэцэрлэг байдаг бол битгий eдeр унтуулдаг байгаасай. Би цэцэрлэгт унтах ёстой дургvй. Унтасны оронд тоглосон нь хамаагvй гоё байхгvй юу, даанч багш нар ойлгохгvй л дээ. eдeржин тоглуулдаг цэцэрлэг байвал ямар гоё вэ. Цэцэрлэг тарахад нэг биш хоёр баавгатай чихэр eгдeг бол бvр гоё. Тэгвэл би нэгийг нь eeрee идээд, нeгeeхийг нь эмээдээ авчирч eгeхгvй юу. Одоо ч гэсэн би багшийн eгсeн чихрийг хадгалж байгаад, гэртээ ирээд эмээтэйгээ хувааж иддэг юм. Нээрээ би диваажин руу ганцаараа яваад, эмээ энд vлдвэл би хоёрын хоёр чихрээр яах ч юм билээ.
Бодоод байсан чинь vхэх муухай юм байна. Намайг vхчихвэл эмээ eвee, ээж аав, дvv эд нар яах болж байна аа? Бас миний хeeрхeн хvvхэлдэй ганцаараа хоцроно. Ер нь л би vхэж болохгvй юм байна. Яах гэж eнeeдeр шийгуаны яс идэв ээ? Ясыг нь идэхээр маргааш нь vхдэг гэж мэдсээр байж… Шeнe ходоодонд минь шийгуаны мод ургаад, тэгээд л би vхчихнэ шvv дээ. Уул нь би шийгуаныхаа ясыг тvvж идэх гэж зeндee хичээсэн юм, даанч мэдэлгvй хоёр яс залгиад хаясан. Одоо яанаа? Буцаагаад гаргачихаж болохгvй байх даа? Ядаж Буратиногийн тухай номоо дуусгачихаад vхсэн бол… яанаа, нvдээ тас аниад л унтаад eгeхeeс… маргааш битгий болоосой!
Sunday, January 11, 2009
Чанар хамгийн зөв хэмнэлт
Гэр ахуйдаа зарцуулдаг мөнгөө хэмнэнэ гэдэг нь ердөө л гэр бүлийнхээ хэрэгцээг зөв тодорхойлж, танд болон танай гэр бүлд яг ямар зайлшгүй хэрэгцээ байна вэ гэдгийг мэдсэнээр эхэлдэг. Хэмнэлт гаргаж эхлэхийн тулд хэрэгцээтэй зүйлсийнхээ жагсаалтыг боловсруул. Хамгийн том зүйлсээс эхлээд, жижиг гэлтгүй бүх л зүйлсийг тусгаж өгөхийг хичээх хэрэгтэй. Томоохон хэмжээтэй, үнийн дүн ихтэй зүйлсээс, жишээ нь байр, машин гэх мэт зүйлсээс маш их мөнгө хэмнэдэг гэдгийг сануулмаар байна. Томоохон зүйлсээс гаргасан хэмнэлт дээр чинь нэмээд хоол, хүнс болон хувцас, гоо сайхны барааны хэрэглээнээс гаргасан хэмнэлт чинь ороод эцсийн дүндээ үнэхээр сонирхол татам мөнгө хэмнэгдэн, танд үлдсэн байх магадлалтайг санана уу.
Ерөнхий зөвлөлгөө
Хэрэгцээ болон хүсэл хоёроо ялгаж сур: Хэрвээ та хэрэгцээ болон хүсэл хоёроо ялгадаг болж чадах аваас асар их мөнгө хэмнэх ур чадварыг эзэмшиж эхэллээ гэсэн үг. Хэрэгцээ гэдэг нь тодорхойлоход маш хялбар. Нэг үгээр бол таны амьд явахад зайлшгүй хэрэгтэй, байр, хоол, хувцас, тээврийн хэрэгсэл гэх мэт зүйлсийг хэлж байгаа юм. Хүсэл гэдэг нь таны болон танай гэр бүлийн амьдралыг мэдэгдэхүйц сайжруулах зүйлсийг хэлнэ. Одоо үед машин гэдэг бол жирийн хэрэгцээ болсон гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Бензин бага иддэг, овор багатай, сэлбэг нь хямд бөгөөд олдоц сайтай тэрэг бол энэ хэрэгцээг элбэгхээн хангачихдаг. Харин жийп болоод ирэхээрээ л хэрэгцээ гэхээсээ илүү хүсэл болчихож байгаа юм. Энийг яах гэж хэлээд байна вэ гэвэл таныг хэрэгцээ, хүсэл хоёроо бусдын нүдэнд лаг болж харагдах гэсэн хүслээсээ болж хольж хутгаад, эцсийн дүндээ санхүүгийн хувьд хүнд цохилтонд битгий өртөөсэй л гэсэндээ тэр шүү дээ.
Үнэ хямдтай нь дээр гэж үү? Ажиглаад байхад хүмүүс гар дээрх мөнгөө багасах тусам хэрэглээгээ хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн уруу чиглүүлдэг болох нь нотлогдсон байна. Бараг л олдмол рефлекс гэмээр юм уу даа. Гэхдээ, энэ нь үнэхээр зөв алхам мөн үү? Хямдхан авсан тэр бараанууд тань урт хугацааны турш таны хэрэгцээг хангаж чадах уу? Эсвэл таны хүсдэг үр дүнг танд өгч чадах уу? Та жишээ нь дэлгүүрээс хямдхан үсний шампунь авахаар зогсож байхдаа үр дүн нь ямар байх талаар эргэцүүлдэг үү, эсвэл үсээ л угааж байвал болоо гээд авчихдаг уу? Ихэнх үсний гэмтэл буюу хуурайшил, үс унах, хугарах, салаалах зэрэг нь хямд шампуниар угааснаас болдог гэдгийг та эрхбиш дуулсан л байлгүй. Эсвэл үнэ хямдаас нь болоод материал муутай цамц авчихаад, түүнийгээ бас л хямд үнэтэй угаалгын нунтагаар угаагаад байвал тун удахгүй бас дахиад нэг хямд цамц авч л таарна даа? Зөвхөн өнөөдөртөө гаргасан хэмнэлтээ жинхэнэ хэмнэлт боллоо гэж боддогоос болоод урт хугацаанд бид хэмнэхээсээ хамаагүй илүү зардал гаргачихсан байдгаа анзаардаггүй нь харамсам. Чанартай хүнсний бүтээгдэхүүн идэж хэрэглэснээр та ирээдүйд ходоодныхоо эмчилгээнд зарцуулах мөнгөө хэмнээд зогсохгүй, хамгийн гол нь эрүүл мэндээ бүтэн авч үлдэж байгаа юм шүү дээ. Эсвэл чанартай угаалгын нунтагаар хувцас хунараа угааснаар тухайн эдлэлийнхээ насыг уртасгаж байгаа хэрэг. Хэмнэлт гэж үнэндээ үүнийг л хэлнэ шүү дээ.
Үнэтэй зуршлууд ашигтай юу? Хүмүүс зарим тохиолдолд ямар нэг зүйл шинээр худалдан авахдаа хэрэглээндээ нийцэхүйц хэмжээнээс хэд дахин илүүг төлдөг. Жишээ нь $15'000-тай хүн $5'000-р машин авч унах боломж байсаар атал бүх мөнгөөрөө том жийп авч унадаг, эсвэл яг өртөгийг нь бодоод үзэхэд 3'000 мянган төгрөгийн үнэтэй цамцан дээр 20'000 төгрөгийн ямар нэг брендийн лого хадсан цамц авч өмсөх, эсвэл жирийн нэгэн дундаж ресторанд ороод 10'000 төгрөгөөр аваад идэх хоолтой яг адилхан амттай хоолыг аль нэгэн үнэтэй ресторанаас 50'000 төгрөгөөр авч идэх гэх мэтчилэн тоочоод байвал барагдашгүй. Гэр бүлийнхээ мөнгийг ямар зүйлд зарцуулаад байгаагаа бодож үзээд, зарим нэг үнэтэй зуршлаасаа татгалзахад болохгүй нь юун.
Том савлагаатай нь илүү үнэтэй байдаг уу? Одоо үед ихэнх бүтээгдэхүүнийг янз бүрээр савлан худалддаг болжээ. Кока-Кола л гэхэд та бидний нэрлэж заншсанаар Эм Си Эс буюу шилтэй, тэгээд лаазтай, удаад нь хүслийн ундаа, бидний ундаа, түмний ундаа гэх мэтчилэн савлагдан борлуулагддаг. Савлагаа нь томрох тусмаа нэг грамм ундааны үнэ хямдарч байдгийг хүмүүс бүгд мэддэг. Хэлэх гээд байгаа юм маань их энгийн. Хэрвээ танай гэр бүлийн хэрэгцээнд гурил, будаа, элсэн чихэр, эсвэл шампунь, угаалгын нунтаг зэрэг тань дуусаад, та шинийг авах гэж байгаа бол айлтүй том савлагаатайг нь сонгоорой. Та хэмнэлт гаргалаа л гэсэн үг. Ингээд эцэст нь дүгнээд хэлэхэд хэмнэлтийг зөвхөн тухайн мөчид гаргаснаараа тооцдоггүй, харин ч урт хугацаанд ихийг хэмнэх нь илүү үр дүнтэй бөгөөд чанартай бүтээгдэхүүн хэрэглэснээр урт хугацаанд хэмнэлт гаргах үндэс суурь юм. Нэг үгээр бол чанар хамгийн зөв хэмнэлт гэсэн үг билээ.