...Наран зүүн зүгт хаанаас ургаж,
Баруун зүгт хаана жаргадагийг
Анд минь чи үзсүгэй...
.
.
Кино зохиолыг: [С. Жаргалсайхан]
Найруулагч: Р. Эрдэнэбулган
.
.
.
.
Кинонд ямар хүмүүс тоглосоныг би дурьдах нь илүүц хэрэг хэмээн бодоод алгаслаа. Юутай ч бүгд таньдаг хүмүүс байна лээ.
.
Дээхнэ би нэгэн киноны тухай бичиж байхдаа киног мэргэжлийн түвшинд шүүмжлэх хүн биш хэмээн өөрийгөө дүгнэсэн минь одоо ч хэвээрээ тул нээх сүрхий шүүмжлээд яахав. Зүгээр таалагдсан агаад таалагдаагүй зүйлсээ та бүхэнтэй хуваалцсу.
.
Хамгийн түрүүнд энэхүү кинонд ашигласан техник хэрэгсэл маш сайн байжээ гэсэн сэтгэгдэл төрсөн. Харин энэхүү техник хэрэгслүүдийг ажиллуулсан хүмүүс төдийлөн сайн байгаагүй юм шиг санагдлаа. Ялангуяа анимаци тал дээр үнэхээр сул байсан нь сүүлийн үеийн Голливүүдийн кино их үзсэн маний нүдэнд өртсөн байх ч талтай. Эгээ л урьд өмнөх шигээ камерын урдуур хүн гүйгээд өнгөрмөгц цаана нь нуруундаа сум зоолгосон хүн унаж байх жишээний. Гэтэл сүүлийн үед киноноос энэ мэт шальдар булдархан байлдаан үзэхээ байсан улс шүү дээ бид чинь. Зүй нь нэгэнт л түүхэн кино хийхээр зорьсон тул зөвхөн энэ ажил дээр нь ядаж Солонгосоос мэргэжилтнүүд уриад хийлгэсэн бол арай өөр харагдах байсан ч байж мэднэ.
.
Киноны эхний хэсэгт Тэмүүжин болон Жамуха нарын залуу идэр насыг харуулдаг. Чингэхэд нөгөө Цэрэндагва гуай, Төмөрбаатар гуай нарын нүүрийг яасан ядуухан хувиргаа вэ гэж бодсон. Хүүхэн хүнийх шиг зассан хөмсөг, урдуур нь тавьсан чёлка зэрэг нь үнэхээр жул харагдсан шүү. Харин дүрүүдийн хувцас хунар, бусад хэрэгсэл нь хаа очиж үнэхээр муулах юмгүй болсон байсныг хэлсү.
.
Жүжигчид маань эхэн үедээ дүрээрээ бус жүжигчинээрээ буугаад байсныг бас дурдууштай. Дэмидбаатарыг харахаар Нялх Сэнгүм бус хашир өөрөө харагдаад, танхим ч инээлдээд байсан. Сувд гуай Өэлүн эхийн дүрийг их нялуундуу амилуулсан нь сонин агаад нэг л дасаж өгөхгүй байлаа. Жүжигчин Одончимэг Бөртэ хатны дүрийг маш сайн амилуулжээ. Харийн эрд булаагдаад, буцаж эрдээ очиж байгаа бүсгүй хүний дүрийг гайхалтай үзүүлж чадсан. Аа харин Цэрэндагва гуайг үнэхээр биширсэн. Жамуха гэдэг хүнийг үнэндээ л өөрөөр харуулна лээ. Монголын төлөө цохилох зүрхтэй, талын эрэмгий баатар эр. "Би Тэмүүжиний анд мэт дайсан нь, дайсан мэт анд нь" гэсэн үгэнд энэхүү киноны философи тэр чигээрээ багтах ажгуу. Төмөрбаатар гуай өөрөө хэлэхдээ, би энэ кинонд Чингис хаанаа бус, Тэмүүжинг харуулахыг зорьсон гэсэн нь үнэн байлаа. Үнэхээр, алдах үедээ алдаж, онох үедээ онодог, уурладаг, уйлдаг, баярладаг, гуньдаг жирийн Монгол эр хүн мэт Тэмүүжиний дүр их дотно санагдсаан.
.
Бүхэлдээ энэхүү кино нь Их Монгол Улс байгуулагдахаас өмнөх үеийн Монгол овог аймгуудын нэгдэх гэсэн тэмцлийг харуулсан агаад Тэмүүжин, Жамуха хэмээх хоорондоо гурвантаа андын тангараг тавилцсан талын баатар эрчүүдийн нөхөрлөл, тэмцлийг харуулсан кино болсон байсан. Их зорилгын төлөө нэгэн зэрэг үхэж болоогүй хоёр анд, их үйлсийг бүтээхэд нэгэн зэрэг амьд байж болохгүйг ухаарсан баатрууд...
.
Киноны саундтрак ярих юмгүй сайн. Үнэхээр дүрстэйгээ нягт наалдах эгшиг төгс аялгуу байлаа. Гэхдээ Жанцанноров гуай яах байсан бол гэсэн бодол төрснийг нуух юун.
.
Би С. Жаргалсайхан гуайн Чингис Хааны Нууц Түүх хэмээх романыг саявтархан амтархан уншиж дуусгасан агаад энэ кино тэрхүү зохиолыг ерөнхийдөө барьж хийгдсэн нь асар таалагдсан. Гэсэн хэдий ч зохиол дээр гардаг зарим онц сонирхолтой өрнөл, таамагналуудыг харуулаагүй нь тоогүй. Бусдаар бол дажгүй ээ. Гэхдээ би л лав түүхэн гэхээсээ илүү commercial уран бүтээл гэмээр байна.
.
Та нөхөд өөрсдөө үзээд, өөр өөрсдийн мэргэн оюундаа тунгаана биз ээ. Enjoy watching, my fellow friends.