Хүмүүс айж байна. Би ч бас айж байна. Яагаад мөрөөрөө, зүгээр амьдарч болохоо байчихсан хорвоо юм болоо? Муу юм хийлгүй, хүнд гай тарилгүй, эрүүл мэндээ анхаараад мөрөөрөө амьдарч байхад элдэв янзын өвчин зовлонгууд энд тэндээс хийсэж ирээд байдаг сонин цаг үед амьдарцгааж байгаа хүмүүс бүгд яах учраа олохгүй, дотроо айдастай амьдарцгааж байна.
Мэдээллийн бүх сувгаар ханиад томуунаас урьдчилан сэргийлэх зорилготой ухуулга, сурталчилгаануудаар бөмбөгдөж байна. Ядаж энэ түвшинд ажиллаж байгаа нь сайн хэрэг ээ. Гэхдээ зогсоо зайгүй ийн бөмбөгдөж байгаа нь нөгөө талаас хүмүүсийн өнөөх айдсыг улам нэмэгдүүлсээр байгаа нь үнэн билээ. Хажуугаар нь элдэв цуу яриа энд тэндгүй тэнүүчилнэ. Маск зүүх хэрэггүй, зүүхгүй байснаас долоон дор мэтийн гажиг ярианд итгэчихсэн хүмүүс ч мэр сэр байх юм. Эрүүл хүн гахайн ханиад тусчихвал илүү хурдан үхнэ ч гэж байх шиг. Эрүүл хүн сонсоод итгэхэд бэрх зүйлсийг хүмүүс хоорондоо түймэр мэт хурдан дамжуулцгааж байна. Энэ хэрээр тэдний айдас улам бүр нэмэгдсээр л. Айдас ямар аюултай болохыг мэдэх үү?
Би нэг зүйлийг сүүлийн үед бодох боллоо. Юу вэ хэмээвээс, хүмүүс бид чинь сэтгэлээрээ амьдардаг бодгалиуд шүү дээ. Өвдчихгүй юмсан гэж бодох тусам өвдөцгөөдөг буюу аливаа зүйлд санаа зовох тусам нэрвэгдэх магадлал төдий чинээ ихэсдэг зүй тогтол хүмүүс бидэнд байдагтай маргах хүн байхгүй л байх. Тэгэхээр ийм байна аа, хүмүүс ээ. Хэдий чинээ айх тусам бидний бие махбодь айдсаа дагаад сулрана гэдэгтэй маргах хэрэггүй. Хэрвээ суларвал гахайн биш юм аа гэхэд энгийн ханиад томуугаар өвдөх л байх. Тэгээд хүрсэн ханиаднаасаа бүүр ч ихээр айх үед өнөөх гайхал нь хүндрэх л байх. Муу амтай нөхөр вэ гэж бүү бодоорой. Тун магадгүй үзэгдлийг л ярьж байна. Тэгээд яалгах гэсэн юм бэ гэж үү?
Хэдүүлээ өөрсдийгөө вакцинжуулъя. Биднийг бөмбөгдөөд буй урьдчилан сэргийлэх аргууд мэдээж хэрэгтэй зүйлс гэдгийг дээр хэлсэн. Гэхдээ зөвхөн маск зүүгээд, гараа байнга савандаж угаагаад, олны хөлөөс дайжлаа гээд бүрэн сэргийлэгдэхгүй. Тавин хувь сэргийлэх байх. Нөгөө тавин хувь нь та бидний сэтгэл санаанд байгаа юм. Бүгдээрээ сайхан тайван байцгаая. Айдас хүйдэсгүй, уур уцааргүй, сэтгэл санаа амар амгалан байх аваас хүний биеийн дархлаа гойд сайн ажилдаг гэдгийг батласан юм гэсэн. Гаднаасаа ч хамгаалъя, дотроосоо ч өөрсдийгөө хамгаалъя. Аль болох орчин тойрноо, юмс үзэгдлийг тайвнаар хүлээж авцгаая, айж эмээж, уурлаж бухимдахаасаа өмнө биеэ барьж сурцгаая. Зүгээр л нэг уриалга биш ээ, найзууд аа. Энэ бол өнөөдрөөс эхэлж та бидний амьдралдаа хэвшүүлэх ёстой шинэчлэл. Биеэ барьж, тайван амьдрах нь эрүүл байхын үндсийн үндэс. Уур биеийг зовооно гэдэггүйсэн билүү? Бидний цөөхөн Монголчууд сүүлийн үед хэт бухимдалтай амьдарч байгаа талаар бишгүйдээ л ярьцгаалаа, бухимдацгаалаа. Одоо харин өөрсдийнхөө төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө, ирээдүйнхээ төлөө айдас хүйдэс, уур бухимдлаа гээх цаг ирж.
Би ч яахав тайван байж болж байна, харин бусад хүмүүс тайван байлгахгүй байна шүү дээ гэх гэнэн цайлган хүмүүс мэр сэр таарах л байх. Хамгийн гол нь бусдыг бухимдуулахгүй байх л хэрэгтэй шүү дээ. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг дээ. Ойрхны жишээ татъя. Зам дээр хоёр жолооч нэг нь нөгөөгөө шахсаны төлөө зам таглаж зогсоцгоочихоод хэрэлдэж буй үзэгдэл байнга гарч байдаг даа. Энэ зуур тэдний араас гудам дүүрэн бөглөрөл үүсээд бүх жолооч нар бухимдалтай нь аргагүй дуут дохиогоо тэнхээ мэдэн хангинуулдаг. Тэр бүх хүмүүс өнөөх хоёрхон жолоочоос болж бухимдаж буй нь энэ, эрүүл мэндээрээ хохирч буй нь энэ. Тэхээр өөрөө бухимдахгүй байя гэвэл, их амархан. Ердөө л жоохон ч гэсэн хүлээцтэй байгаад сурчихвал болох нь тэр. Үүнийг хэрвээ уншиж байгаа бол би танаас хичээнгүйлэн гуйя. Олны дунд, замын хөдөлгөөнд оролцохдоо, хамт олонтойгоо, гэр бүлийнхэнтэйгээ харьцахдаа аль болох тэвчээртэй, хүлээцтэй хандаж байгаарай гэж. Үр дүнд нь та эрүүл байх юм байгаа юм. Таньд эрүүл энх, амар амгаланг хичээнгүйлэн хүсье!
1 comment:
Unen shuu. hun muu yum bodoh tusam terniig uurtuu duudaj tataj bdag. hervee biye ch hamgaalaad setgelee ch hamgaalaad yvbal jinhene vaktsin ter boloh bizee.
Post a Comment