Энэ бичвэрийг уншиж буй таны энэ бичвэрийг уншиж буй өдөр, цаг, хором, хугацааны эрхэм амар амгаланг айлтгая аа.
Борлуулагч, борлуулалтын ажилтан гэхээр та нарт хэн санаанд чинь ордог вэ? Дэлгүүрийн худалдагч, үйлчлэгч, компанийн янз бүрийн менежерүүд үү? Зарим нь их сайхан ааштай, уриалгахан, тэднээс юм худалдаж авахад урамтай, дараа нь бодоод байхад арай илүү мөнгө төлчихсөн ч юм шиг, зарим нь хүний урманд ядаж мэндэлдэггүй, ярвагар, сэрэмжилсэн харцтай, тэднээс юм огт авдаггүй гээл тээ? Борлуулагч хүний нийтлэг төрх мөн үү? Борлуулалтын ажил гэхээр иймэрхүү ажил байдаг уу?
Үнэндээ бол минийхээр хүн болгон борлуулагч юм байгаа юм. Бид бүгд нэг зүйлийг л борлуулж амьдарцгаадаг ажээ. Саявтархан твиттерээр бид юу борлуулдаг вэ гэж асуутал ихэнх хариулт нь бид биеэ үнэлдэг гэсэн. Тийм ээ, бид биеэсээ үнэлцгээдэг. Чухам биенийхээ аль хэсгийг үнэлж байгаагаасаа хамаараад өөр өөр ажил хийж байгаа, тийм ээ? Тархиа бол дарга, захирал, зохиолч, менежер энээ тэрээ, булчин шөрмөсөө бол тамирчин, бөгсөн биеэ бол.... гэх мэт. Гэхдээ энэ биеэ гэдэг бас их дутагдалтай ойлголт болой.
Биднийг анх төрөхөд бидэнд нэг л зүйл яг ижил дооз, ижил хэмжигдэхүүнтэйгээр өгөгддөг ажгуу. Бид тэр зүйлийн дундуур өөр өөрсдийнхөөрөө туучин өнгөрөөцгөөдөг. Зарим нь адгаж, аль чадлаараа ашиглаж өнгөрөөнө, зарим нь анзаарах ч үгүй, хэнэггүйхэн туучин өнгөрөөнө. Зарим нь их хурдан ашиглаад дуусгачихна, зарим нь удаан гэгч нь ашиглаад л байна, ашиглаад л байна. Энэ юу болохыг таамагласан буй за. Энд би цаг хугацаа гээч өнөөх л айхтар зүйлийн тухай баахан дурдчихлаа.
Хүмүүс бид өөр өөрсөддөө оногдсон цаг хугацаагаа л борлуулж амьдарцгаагдаг ажээ. Гэхдээ хүн болгон өөр өөр маржин буюу үнээр үнэлдэг аж. Абсолют утгаараа нэг цагт дэлхийн хаана ч жаран минут ногддог. Харин энэхүү жаран минутыг цэвэрлэгч хүн нэг үнээр үнэлж худалддаг бол Билл Гейтс өөр үнээр үнэлж борлуулдаг тухай л би хэлэх гэсэн юм. Тэгэхээр хүн бүрийн нэг хором өөр өөр үнэтэй байгаа биз? Ямар үнэ тогтоох нь тухайн хүний асуудал ажээ. Та өөрийн цаг хугацаагаа үнэлж, худалдан борлуулж амьдарч байгаагаа мэддэг үү? Цаг хугацаандаа зөв үнэ тогтоосон гэдэгтээ итгэлтэй байдаг уу? Цаг хугацааныхаа үнэ цэнийг хэрхэн өсгөх талаар боддог уу? Өнөөдөр үнэлсэн үнэлгээгээ дараа жил хэдэн хувиар өсгөх вэ? Танаас юу юу нь хамаарах нь вэ? Та юу хийх гэж байна?
2 comments:
Та өөрийн цаг хугацаагаа үнэлж, худалдан борлуулж амьдарч байгаагаа мэддэг үү? Цаг хугацаандаа зөв үнэ тогтоосон гэдэгтээ итгэлтэй байдаг уу? Цаг хугацааныхаа үнэ цэнийг хэрхэн өсгөх талаар боддог уу? Өнөөдөр үнэлсэн үнэлгээгээ дараа жил хэдэн хувиар өсгөх вэ? Танаас юу юу нь хамаарах нь вэ? Та юу хийх гэж байна? - энэ асуултууд чинь ямар их юм бодуулдаг золиг вэ :-)
Saihan bichsen bn, taalagdlaa. iluu shn zuiluudiig bichhiig husey,
bayarlala
Post a Comment